С.Баярын Засгийн газрын гавьяа нь Оюутолгойн гэрээ

-Таныг АН-ын дэд даргын ажлыг аваад удаагүй үед нь ярилцаж байхад “АН-д өртэй гэж өөрийгөө боддог. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг АН “ашиглах” ёстой гэж та миний асуултад хариулж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН таныг хэр “ашиглав”. Намдаа өөрийнхөө автор болохуйц ажил та юу хийв?

-АН-ын дэд даргад өөрөө хүсээд болсон юм биш л дээ. 2016 оны сонгуулийн дараа намын удирдлага шинэчлэгдэж, намын үйл ажиллагаа шинэ өнгө аястай болох гээд оролдож байсан ийм үе. Тухайн үед АН-ын нэр хүнд болон бусад улс төрийн намын нэр хүнд нэлээд уначихсан хүндхэн цаг үед Р.Амаржаргал гэдэг нэр намд хэрэг болох байх гэж үзээд л намын дэд даргын саналыг хүлээж авсан. Намаа дэмжиж өөрийн нэрээ намдаа “ашиглуулъя” гэдэг зорилготой очсон гэх үү дээ. С.Эрдэнэ дарга намайг намын гадаад харилцааны асуудлыг илүү анхаараач гэж хэлсэн. Энэ хүрээнд үндсэндээ анхаарч ажиллалаа. Барууны чиглэлийн улс төрийн намуудын холбоо /IDU/, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу “IRI”, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай /KAS/ хамтарч ажиллахаар нэлээд хөөцөлдсөн. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үеэрээ Монголд олон улсын томоохон хурал зохион байгуулж, 30 жилийн хугацаанд хийж бүтээсэн алдаа, оноогоо яръя гэж зорьсон. Мөн манайх  шиг зовлон туулж ирсэн бусад орны улс төрийн намууд нь юу хийв гэдгийг харилцан ярих зорилготой олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаанаар дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдлоо. 2020 оны хоёрдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Вашингтон хотод болох IDU-гийн хурлаар өдөр нь тодорхой болох байх. Энэ хуралд С.Эрдэнэ дарга намынхаа төлөөлөгчдийг ахалж оролцоно. Хийсэн гол ажил маань энэ гэх үү дээ.

АН-ын дотоод хагарал 2020 оны сонгууль хүртэл үргэлжлэх бололтой. Э.Бат-Үүл “Гэр хороолол” хөгжлийн нам байгуулж, Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад, тус тус улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байх шиг байна. Мөн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус намын даргаа огцрохыг шаардан удаа дараа мэдэгдэл хийж байгаа зэргээс харахад АН дотроо зангидсан гар шиг байж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ. Намын удирдлагадаа байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?

-АН-ын өнөөгийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Намаа өнгөтэй, өөдтэй байгаасай, орчин цагийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа байх гэж бодож байна. Урьд нь нэг практик байсан. Энэ нь намыг шүүмжлэх нэрийн дор намын удирдлагад тулган шаардаж эрх мэдэл, албан тушаалд хүрэх эсвэл сонгуулийн квот авах зорилготой хөдөлгөөн өрнүүлдэг ийм практик байсан. Өнөөдөр намаа шүүмжилж байгаа хүмүүст тийм бодол, далд санаа байхгүй байх гэж горьдож байна. Ийм түвэгтэй, ярвигтай үед улс төрийн намын явуулж байгаа үйл ажиллагаа нь олон нийтэд нийцэх болон нийцэхгүй байх аль аль нь бий. Нэг хэсэгт нь таалагдаж байгаа зүйл нөгөө хэсэгт нийцэхгүй байх нь жам ёсны асуудал. Түүнээс биш үүнд цочирдож, хол явсан дүгнэлтүүдийг хийх шаардлагагүй гэж бодож байна.

-Магадгүй АН-ын дотоод өнгө төрх нь гадна талдаа 2020 оны сонгуульд ялалт авчрах тэр итгэл үнэмшлийг буруулж байхыг үгүйсгэхгүй. АН-ын удирдлагын хувьд ирэх сонгуулийг хэр өөдрөгөөр харж байна вэ. Мэдээж нам бүр сонгуульд ялах зорилготой оролцдог?

-Асуудал нь сонгуульд ялах гэж харахгүй байна. Улс төрийн нам сонгуулийг сонирхож, идэвхтэй оролцож л таараа. Нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг олж чадаж байгаа эсэх нь нэгдэх асуудал. Хоёрдугаарт, тухайн олсон шийдлээ олон түмэнд хүргэж чадах эсэх, гуравт нь тэр хүргэсэн шийдэл нь олон нийтийн итгэл үнэмшил нь болж чадах уу, цаашлаад сонгуулийн санал болж хувирах уу гэдэг асуудал шүү дээ. Энэ чиглэлд улс төрийн намууд анхаарах ёстой болов уу. Нөгөөтэйгүүр динамик орчинд амьдрах чадвартай улс төрийн намыг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Магадгүй өнөөдөр чамд өгсөн ярилцлага маргааш ямар ч ач холбогдолгүй болох, чиний сонирхсон асуултын хариулт маргааш мөн ямар ч сонирхолгүй болчихсон байх ийм динамик орчинд бид амьдарч байна.

Гуравт, Монголын төрийн тогтолцоонд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг гэж онцгой зүйл бий. Ингэхийн тулд улс төрийн намууд нь төлөвшиж аливаад учир, ухааныг нь олдог байх чадвар суусан байх ёстой. Ингэж байж нийгмээ урагш авч явна гэсэн ийм үндсэн зорилгыг улс төрийн нам тээх учиртай. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн нам нь ямар зохион байгуулалтад орох, үйл ажиллагаагаа яаж явуулах гэдэгт бүрэн гүйцэт төлөвшиж амжаагүй байна. Дээр хэлсэнчлэн юмсын хурдан өөрчлөлтөд улс төрийн намууд алдаж, онох замаар л явж байна. Ингээд нэг үзье, энэ болж байна эсвэл болохгүй байна гэсэн замналаар явж байна. Түүнээс биш ийм замаар яваад дараа нь ингэ, тэг гэдэг бэлэн заавар, гарын авлага алга. Хэн нь шинэ, соргог байж чадсан, хэн нь тасралтгүй өөрийгөө өөрчилж чадсан тэр улс төрийн нам урагшлан гэж би хувьдаа боддог. Тасралтгүй өөрчлөлт хийх нь  зайлшгүй шаардлагын нэг хэсэг нь. Тэр өөрчлөлтийг хийж байгаа болон хүлээж авч байгаа хүмүүс нь даах чадвар байна уу гэдэг асуудал бий. Нэг хэсэг хүмүүс нь тэр өөрчлөлт, шинэчлэлтийг “Хөлөө олохгүй бужигнаад л байна даа” гэж хардаг. Эсрэгээрээ энэ нам өөрчлөгдлөө, шинэ салхи орж байна гэсэн өнцгөөс харах нь ховор байна л даа.

АН-ЫН ӨНӨӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БИ БУРУУТГАХГҮЙ

-Улс төрийн намын төлөвшилтөд цаг хугацаа шаардлагатай байх. 30, 100 жилийн түүхтэй улс төрийн том хүчнүүд нь төлөвшлөө хараахан олж чадаагүй байхад шинэ намууд гарч ирэх тэр орон зай манай улсад байна уу. Сүүлд л гэхэд танай хоёр гишүүн тусдаа гарч нам байгууллаа?

-“Өөрийн бодол өөртэй зөв” гэж үг бий. Тэр хүмүүс улс төрийн шинэ хүчин гаргах гээд явж байгаа байх. Үүнийг нь буруутгах аргагүй. Хэн нэгэн хүн тийм бодолтой байгаа бол миний хувьд дэмжинэ. “Муу нийлснээс сайн сал” гэсэн зарчмыг би баримталдаг. Яагаад гэвэл энэ явцад байр суурь нь тодорхой болдог. Хэн хаашаа явна тэр хэрээр тодорхой ойлгомжтой болдог гэсэн үг. Намын эрхэм зорилго юу вэ гэдгээ тухайн намын өмнөөс шийдвэр гаргадаг,  намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хэсэг, мөн гишүүд, өөрийгөө улстөрч гэж боддог, зарладаг тэр хүмүүс сайн бодох ёстой. Яах гэж би энэ бүхнийг хийгээд байгаа юм гэж. Үүний цаана хоёр зүйл гарч ирдэг. Нэг нь нийгмийн буюу ард түмнийхээ төлөө үйлчлэх тэр зорилго нь анхдагч итгэл үнэмшил нь болж үүнийхээ төлөө явж байна уу эсвэл энэ гоё нэр томьёог бамбай, халхавч болгож ашиглаад өөрийнхөө амин хувийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж оролдоод байна уу гэдэг нь хамгийн том асуудал.

“Ингэнэ, тэгнэ” гэж хүн бүхний чихэнд таалагдсан, сэтгэлийн хөдөлгөөнийг нь өдсөн үг хэлж, ярьж байгаа хүн болгон Монголын нийгмийн төлөө, ард түмний төлөө байна уу гэвэл тийм биш байх. Тэгэхээр ард түмэн үүнийг ялгаж, салгадаг чадвартай байх нь чухал. Хэн, юу яриад байна гэдэг нь нэг хэрэг. Чухам цаана нь юу байна вэ гэдгийг олон талаас нь шүүж байж харна. Тэгэхээр улс орны хөгжлийг тодорхойлох гээд байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаанаас гадна сонгогчдын боловсролын асуудал чухал гэсэн санаа. Сонгогчид улс төр, эдийн засгийн боловсрол, улс төрийн соёлоо дээшлүүлж байж улстөрчдийн ярьж, хэлж байгааг шүүж, дүгнэх чадвартай болно. Сонгогчдын боловсрол хэр ахив гэдгийг ирэх 2020 оны УИХ-ын сонгууль шалгах том шалгуур нь болох байх.

-УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөг тушаах шийдвэрийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа гаргасан. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд 60 сая төгрөг намдаа тушаах энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?

-Чиний хувьд яаж шийдэх байсан?

Сэтгүүлч: Таны хариулт чухал байна.

-Намын ҮБХ асуудлыг тал бүрээс нь ярилцаж шийдвэрээ гаргасан байж таараа. Энэ дунд нь янз бүрийн үндэслэлүүд гарсан байх. Үүний цаана асуудал юундаа байна уу гэвэл орчин цагийн улс төрийн нам ямар байх, яаж зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа явуулах уу гэдэг механизм нь ердөө олдохгүй байгаа. МАН 60 тэрбумын гэх схемийг гаргаж тэр нь буруудсан. АН өнөөдөр ийм схем гаргасан нь зөв шийдэл мөн үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна, үнэнийг хэлэхэд. Чамаас би асуухад чи надад хариулт хэлсэнгүй. Уг нь чи мэргэжлийнхээ онцлогоор олон хүнтэй уулзаж ярилцдагийн хувьд эрх биш надаас илүү ухаантай байх ёстой л доо. Янз бүрийн аргумент гаргаж ярьж болно. Хэрэв АН-ын энэ шийдвэр нь буруу гэвэл буруу л болно. Энэ нь явсаар явсаар дампуураад дуусна, нэр дэвших хүн ч олдохоо байна, нэр дэвшлээ гэхэд мөнгөтэй хүмүүс нь нэр дэвшинэ, эцэстээ ард түмний итгэл алдарч саналаа өгөхгүй 2020 оны сонгууль АН-ын хувьд талаар болох гэдэг ч юм уу. Магадгүй үүнийг зөв зохион байгуулаад хүн бүхний нүдэн дээр мөнгө босгож байгаа процесс ил тод байх нь сонгогчдод эсрэгээрээ таатай байхыг үгүйсгэхгүй. Үнэнийг хэлэхэд, би хэлж мэдэхгүй байна. Улс төрийн намын төлөвшилт гүйцэт явагдаагүй ийм нөхцөлд сонгуульд оролцох нэр дэвшигчдийн механизм үүн дотроо улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудал зайлшгүй яригдах ёстой. Магадгүй АН сонгуулийн дэнчингийн асуудал гаргаж тавьсан нь нийгмээрээ дахин энэ асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Өнөөдөртөө мөнгөн дүнгийн хэмжээ гээд асуудлын өнгөн талд цэцэрхэж ярьж байгаа байх л даа. Чи ч гэсэн тэр өнгө аясаар хатгаж, өнгөн тал руу  нь хөөцөлдүүлэх гээд асууж байх шиг байна.

МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН АМИН СҮНС НЬ ЗӨВШИЛЦӨЛ,  МАН ҮХНӨ-Д УЛС ТӨРИЙН ЗОРИГ ГАРГАЖ АЖИЛЛААГҮЙ

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталлаа. АН-ын гаргасан зарчмын гурван саналын аль нь ч нэмэлт өөрчлөлтөд орж чадсангүй. Ялангуяа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах санал хэлэлцүүлгийн явцад дэмжигдсэн ч эцсийн мөчид дэмжигдээгүй. Танай намд харамсалтай байгаа байх?

-Юунд  харамсаад байгаа юм.

-19 жилийн дараах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд АН-ын тодотголтой заалт нэг ч орсонгүй шүү дээ?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олонхоороо л баталдаг. Хэн нь олонх байна, АН-тай, намгүй тэд олонхоороо баталчих бололцоотой. Тэр хүрээндээ л батлаа биз. АН саналаа оруулахдаа тэрийг нь мэдэж л байсан.

-Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа тодорхой болгож, сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг энэ байдлыг хааж өгөөгүй нь тухайн эрх баригч намд олз болно гэдэгтэй та санал нийлэх байх?  

 -Улс төрийн тоглоомын дүрэм чинь л энэ. Өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин эрх мэдлээ алдъя гэхгүй нь ойлгомжтой. Өөрсдийнхөө хийж байсан ажлаа цааш үргэлжлүүлье л гэж бодно. Улс төрийн тоглоомын утга нь тэр. Чи эрх мэдэлтэй байгаа бол өөрийнхөө хүссэнээр Сонгуулийн хуулиа өөрчилнө.

2016 онд АН ямар хөгийн Сонгуулийн хууль баталлаа даа. Сонгуулийг тойргийг яаж зурлаа. Хүн, амьтны доог болоо биз дээ. Тэр хэмжээгээрээ л  АН сонгогчдын санал авсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, баталсан процесс нь Монголын төрийн шийдвэр гаргадаг механизм хэр төлөвшсөний илрэл гэж бодож байна. Олонх болсон улс төрийн нам нь дангаараа батлах эсвэл улс төрийн бусад хүчинтэй зөвшилцөх үү гэдэг асуудал. Монголын ардчиллын амин сүнс нь зөвшилцөл гэж би хувьдаа боддог. Эцсийн эцэст хариуцлага нь эрх баригч улс төрийн намд илүү ноогдоно. Яагаад гэвэл жингийн хамгийн хүндийг нь үүрч байгаа хүмүүс. Тэр утгаараа бусад улс төрийн намтай ажиллах, тэдний санааг нь хүлээж авах, ойлгох, задлан шинжлэхэд сөрөг хүчнээс 50-60 дахин илүү бодож тооцож л ажиллах ёстой байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан үйл явц нь бас л өнгөн талын хэлбэр хөөцөлдсөн байдлаар л баталлаа шүү дээ. Түүнээс биш улс төрийн зориг гаргаж ажилласан гэж хэлж чадахгүй. Нөгөөтэйгүүр байгаа нь л энэ. Монголын улс төр, улс төрийн соёл нь, намуудын чансаа, чадавх, тархины хэмжээ нь ямар байна, түүнийх нь илрэл.

-Та маш сэтгэл дундуур байгаа бололтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан заалтуудаас авууштай заалт байхгүй гэж үү?

-Нэгэнт байгаа зүйлдээ сэтгэл дундуур байх нь буруу. Байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж сурах хэрэгтэй.Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох заалт нь авууштай юм даа.

-АН-ын долоон гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлах үеэр чуулганы хуралдааныг орхиж гарсан нь харамсалтай санагдсан. Уг нь эхнээс эцсийг хүртэл нь явсан бол?

-Сөрөг хүчний улс төрийн акц. Саналаа оруулж хэлэлцүүлээд намынхаа санаа бодлыг ядаж нэг хүнд ч гэсэн хүргэж чадсан бол ажлаа хийсэн л гэж ойлгох хэрэгтэй.

10 ЖИЛИЙН ӨМНӨ УЛСТӨРЧИД БОЛОН НИЙГЭМ НЬ ЯМАР БАЙСАН, ТЭРНИЙ ТӨЛБӨР НЬ ОЮУТОЛГОЙ ГЭРЭЭ БАЙСАН

-Монголчууд бүтэн 10 жил үйлийн үртэй төсөл ярьж байгаа. Энэ бол мэдээж Оюутолгой төсөл. Монголын эдийн засагт Оюутолгой хүнд жин дарж байгаа нь үнэн. Энэ төслийн хувь заяаг цаашид хэрхэх нь Засгийн газрын шийдвэрээс хамаарна. УИХ-аас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг баталж, мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан холбогдох захирамжийг шүүхээс цуцлах шийдвэр гаргалаа. Цаашид Оюутолгой төслийг тойрсон үйл явц хэрхэн өрнөх бол?

-Нийгэмд Оюутолгойн төслийн талаар ярьж болох бүх зүйлийг ярьчихсан гэж би ойлгож байгаа. Сонин, хэвлэлүүдээс харахад, Оюутолгойн төслийг мэдэхгүй ч хүн алга. Бүгд л уран цэцэн, мундаг ярьсныг нь гайхаж суух юм. Оюутолгойн гэрээг анх байгуулах үед нь би өөрийнхөө байр суурийг хэлж байсан. Байгаа нь л энэ. Монголын байж байгаа нь л энэ гэж. Монголын эдийн засаг ямархуу, Монголын улстөрчдийн мэдлэг боловсролын түвшин ямар байгаа, бүр тодорхой хэлбэл төслийн санхүүжилт гэж юуг хэлдэг, санхүүгийн зах зээл гэж юу болох, санхүүгийн зах зээлд мөнгө босгох процесс гэж юу юм, яаж хэрэгжүүлдэг гээд энэ бүхний байж байгаа байдал нь л энэ. Тэр хэмжээ дотроо л байгуулсан гэрээ.

10 жилийн өмнө гэрээг байгуулах үед би “Энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй. Хэрвээ чи мэдлэггүй бол, хэрвээ чи туршлагагүй, сэтгэлгүй, аливааг гүнзгий судалж хардаггүй бол, хэрвээ төрийн шийдвэр гаргаж байгаа механизм нь болхи бүдүүлэг бол, хэрвээ улстөрчдийнх нь зүрх сэтгэлд хар тал давамгайлдаг бол түүнийхээ төлбөрийг төлж л таараа, ямар нэгэн хэлбэрээр” гэж хэлж байсан.

10 жилийн өмнө улстөрчид болон нийгэм нь ямар байсан, тэрний төлбөр нь Оюутолгойн гэрээ. Хоёрдугаарт, дараа нь гэрээнд өөрчлөлт оруулахдаа бас л тухайн үеийнх нь тусгал болсон. Тэр үед улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ямар байв, түүндээ хөтлөгдөөд явсан.

Зарчимч байх чанар тэр үед хэр үнэ цэнэтэй байв гэдгийн илрэл нь Дубайн гэрээ байсан. Улс төрийн сонгуулийг нэгдүгээрт тавьж сонгуульд ялчих юмсан гэсэн эрмэлзлээ нэгдүгээрт тавьсан уу эсвэл алсыг харж ажиллаж байсан уу гэдгийн илрэл нь Дубайн гэрээ.

Өнөөдөр Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар Монголын нийгэм арай ондоо өнгө аясаар дуугарч байгаа бол өнөөдрийн л нийгэмд бүрдсэн дүр төрхийн илрэл гэж би хардаг. Тиймээс асуудалд эмзэглээд байгаа юм алга. Явах ёстой үйл явц явагдаж байна.

Нэг сайн тал нь “Рио-Тинто”, “Turquoise Hill Resources” компанийн цаана байгаа хүчнүүдэд Монголчууд юм юмыг чинь дагаж гүйгээд байхгүй шүү, та нарын үгэнд ороод байхгүй өөрийн гэсэн ухаантай шүү, гуравдах зэрэглэлийн буурай орон хараахан биш шүү, өөрийнхөө баялгийн үнэ цэнийг гадарладаг юм шүү, аливаад хурдан суралцдаг юм шүү, та нарын заль мэхийг олж харсан шүү, хэдэн улстөрчдийг худалдаж авчхаад ноёрхлоо хэдэн зуун жилээр тогтоодог колоничлол чинь Монголд явахгүй шүү гэдгийг тодорхой хэмжээгээр харуулсан байх гэж бодож байна. Ийм дохиог тэдэнд өгсөн байх.

-“Оюутолгой төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах талд Монгол Улсын Засгийн газартай хамтрахад бэлэн байгаа” гэдгээ “Рио-Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак мэдэгдсэн. Гэрээнд ямар өөрчлөлт хийвэл зохистой вэ гэдэгт таны зөвлөгөө үнэ цэнэтэй байна?

-Гэрээний техникийн асуудалд ажиллах мэргэжлийн залуучууд манайд бий. Техникийн төвшинд яах ёстойгоо мэддэг, тэдэнтэй нэг хэлээр ярьж чаддаг, тэдний соёл, шийдвэр гаргадаг механизмыг нь гадарладаг тэр хүмүүс гэрээ хэлэлцээнд ажиллаад явах нь зөв. Нөгөө талаас нийгэмд, эдийн засагт, Монголын улс төрд ирж байгаа үр дагаварыг харж чаддаг хүмүүс мөн ажлын хэсэгт орох ёстой. Эцсийн дүндээ Монголоо гэсэн зүтгэлтэй, зарчимтай, шударга хүмүүс ажлын хэсэгт орж ажиллавал гэрээг өнөөгийн түвшнээс ахиулсан өөрчлөлтийг хийх байх гэж найдаж байна.

-10 жилийн өмнө Оюутолгойг төслийг хөдөлгөсөн нь түүхэн шийдвэр, эр зориг байсан гэдгийг зарим эдийн засагч хэлдэг?

-С.Баярын Засгийн газрын хувьд Оюутолгойн гэрээг байгуулсан нь зөв. Энэ бол С.Баярын гарцаагүй гавьяа, эргэлзээгүй. Дээр хэлсэнчлэн тухайн үед ямар эдийн засаг, нийгэм, улс төр, улстөрчид  байсан тэр хэмжээний л гэрээ болсон. С.Баяр эхлүүлсэн нь том зүйл.

Тантай уулзсаных өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуухгүй байж болохгүй. Эдийн засгийн үзүүлэлтүүд, ажиллагчдын сарын дундаж цалин өссөн зэрэг эерэг тоон мэдээллүүд гардаг. Гэтэл бодит байдалд эдийн засгийн өсөлт иргэдийн халаас, ААН-үүдийн үүдээр орохгүй байгаагийн шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ. Ер нь эдийн засгийн бодит өсөлтийг хэрхэн бий болгох вэ?

-Төрийн хүчирхэг институтийн нэг нь Үндэсний статистикийн хороо. Энэ газар аливаа тооцоог хийдэг аргачлалтай, тэр аргачлал нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ аргачлалынхаа дагуу тоо баримтуудыг гаргаж байгаа гэж би ойлгодог. Эрх биш үнэн тоо гаргадаг байлгүй дээ.  Эдийн засгийн үзүүлэлтүүдээ ерөнхийдөө гайгүй байгаа. Эдийн засгийн өсөлтийг илэрхийлж байгаа тэр тоо, хувь нь ирэх жил, тэрний дараагийн жил, цаашлаад 10 жилийн дараа бидэнд хэр тус болох вэ гэдэгт шүүмжлэлтэй хандана. Энэ нь эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Хэдэн төгрөг олсныгоо гадагш нь гаргаад идэж уугаад дуусчихдаг. Дотооддоо хуримтлал бий болгоё гэхээр хуримтлалыг дэмждэг механизм нь байхгүй. Хуримтлал байхгүй бол дотооддоо санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Санхүүжилтийн эх үүсвэргүйгээс хөрөнгө оруулалт байхгүй. Дагаад үйлдвэрлэл, технологи, инноваци байхгүй. Улсын төсвөөр дамжуулаад хөрөнгө оруулалт хийе гэхээр тэрийг нь эрх мэдэлтэй хүмүүс  нь хамгийн багаар бодоход гуравны нэг нь хулгайлаад алга болчихдог. Тэгэхээр эдийн засгийн бүтцээ өөрчлөх ажил хийгдэхгүй  байна.

Хэрэв би андуураагүй бол ДНБ болон мөнгөний нийлүүлэлт хоёрын харьцуулсан үзүүлэлт 64 хувь байгаа нь бага үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай улсад санхүүгийн зах зээл огт хөгжөөгүй байна гэсэн үг. Санхүүгийн зах зээл хөгжөөгүй оронд бизнес эрхлэгчид нь санхүүгийн эх үүсвэргүйдэнэ.

Арилжааны банкуудад нь элдэв янзын шалгалт, дотоод, гадаадын дарамт шахалтаас хамаараад санхүүжилтийнхээ үйл ажиллагааг үе үе зогсоож, сэргээдэг. Санхүүжилт хийлээ гэхэд тэр нь зөв оновчтой байдаггүй. Тухайлбал, ипотекийн зээл маш чухал байсан. Ипотекийн зээлээр дамжуулаад өрхийн орлогыг бүтцийг боловсронгуй болгох, хуримтлал үүсгэж үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэртэй болох тэр бүтцийг Засгийн газар бараг зогсоочихлоо. Монголбанк нь санхүүжилт гэж дусал мөнгө өгчхөөд түүнийгээ өгсөн гэж яриад суудаг. Тэгсэн атлаа 200 айлын хүрэхгүй газар хэдэн зуун, тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын объект барина гээд ярих жишээний. Тэгэхээр өнөөгийн эдийн засгийн өсөлт ирээдүйн хөгжлийн баталгаа болох уу гэдэг нь асуудлын гол. Энэ өнцгөөс нь харвал шүүмжлэх зүйлс цөөнгүй байна.

-Та орлогын хуваарилалт шударга бус байна гэж үздэг хүний нэг. Үүнийг шийдэх гарц нь юу вэ?

-Нийгмийн ялгаварлал хүчтэй явагдаж байна. Баячууд нь улам баяжаад, ядуус нь улам ядуурч байгаа нь олигтой үр дүнд хүргэхгүй нь ойлгомжтой. Энэ хэвээрээ үргэлжилбэл том тэсрэлт рүү орох вий гэхээс би эмээдэг. Нийгэм тогтворгүй болж, бүх зүйл орвонгоороо эргэвэл Монголын хөгжлийг хэдэн арван жилээр ухраана. Одоо бололцоо байгаа дээр нь орлогын хуваарилалтын асуудлыг авч үзэх шаардлагатай. Энийг шийдэх гарц нь эдийн засгийн механизмууд. Тухайлбал, татварын эрхзүйн орчныг боловсонгүй болгох замаар шийдэх боломжтой.

-Монгол Улс 2020 онд багтаад саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна. Зарим улс төрийн нам “Саарал жагсаалтаас гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно” гэдгийг хэлж байгаа. Яаж бид богино хугацаанд саарал жагсаалтаас гарах вэ?

-Асуудлаа бариад суух хэрэгтэй. Яагаад саарал жагсаалтад оров, гарахын тулд ямар ажлууд хийх ёстой вэ зэрэг замын зураглалаа зураад хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж Дорж, Дондог, Дулмаад хариуцуулж өгөх. Сайд, дарга нарыг харахад дээгүүр салхилсан хүмүүс л байх юм. Хийх зүйлээ бариад суудаг соёл манай улсад дутаад байна. Миний ойлголтоор Сангийн сайд асуудлыг бариад авбал дорхноо л шийдчих асуудал. Хууль зүй, Дотоод хэргийн сайд гээд нөхөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг хариуцдаг биз дээ. Өөрт нь ногдуулсан үүрэг нь. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлөө хуралдуулж, FATF-аас өгсөн зөвлөмжүүдийг хангахгүй яасан юм. Тэр зөвлөлөө огт хуралдуулаагүй юм билээ. Тэгсэн атлаа телевизээр том том юм ярьдаг. Ер нь ямар ч хүн өөрт ноогдсон ажлаа яс хийдэг байх ёстой. Ингэвэл асуудал хүнд биш. Аянга ниргэсэн хойно нь яриад байх шаардлагагүй. Саарал жагсаалтаас гадна цаана нь янз бүрийн асуудал бий. Тэрийгээ мэдэж байгаа байлгүй дээ. Саарал жагсаалт бол хүүхдийн тоглоом.

-2016 оноос хойш АН-ын нэртэй, зүстэй бүхэн хуулийн байгууллагын хаалга татсан гэж хэлж болох байх. Зарим шалгалтын үйл явц одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Та үүнд эмзэглэдэг үү?

-Үгүй дээ. Огт би эмзэглэдэггүй. Шалгах ёстой бол бүр сайн шалгах хэрэгтэй. Үнэхээр алдаа, дутагдал гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Харин шалгалтын цаана улс төрийн зорилго байна уу, үгүй юу гэдэг нь өөр асуудал. Өөрөөр хэлбэл, шалгалт нэрээр далимдуулж улс төрийн өрсөлдөгч нараа зайлуулах, улс төрийн орон зайгаа цэвэрлэх зорилготой үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг ялгаж, салгаж харах ёстой. Хэрэв шаардлагатай тохиолдолд намынхаа хаяг адресстэй хүмүүсийг хамгаалах чиглэлээр чанга дуугарах ёстой. Монгол оронд өрнөсөн 30, 40-өөд оны хэлмэгдүүлэлт бас л иймэрхүү механизмаар явсан. Бусдыг гүтгэж холдуулангуутаа албан тушаалд нь очиж хүмүүсийн хувь заяаг шийдэх гэсэн сонирхлоор хэлмэгдүүлэлт явж ирсэн. Яг тийм утга агуулгатай үйл явц болж байгаа юм биш биз гэдгийг ялгах ёстой байх. Эцсийн мөчид хууль хяналтын байгууллагуудын чанар, чансаа л харуулна. Шүүх хэр шударга, асуудлыг бодитой шүүж чадаж байна уу, эсвэл улс төрийн хүчний гар, хөл нь болсон эсэхийг цаг хугацаа харуулна.

Leave a Comment

%d bloggers like this: